
Morning Consult-ийн 2025 оны судалгаагаар Gen Z үеийнхний карьерын талаарх хандлага улам бүр өөрчлөгдөж, уламжлалт ойлголтоос эрс ялгарах болжээ. Тэдний хувьд ажил гэдэг нь зөвхөн үүргээ гүйцэтгэх бус, хийж буй ажлаа сошиал медиагаар дамжуулан харуулах, хуваалцахтай салшгүй холбоотой болсон байна.
Контент бүтээгч болох хүсэл
Gen Z нарын 44% нь мэргэжлийн контент бүтээгч болохыг хүсдэг бөгөөд энэ нь бүх үеийнхнээс хамгийн өндөр үзүүлэлт. Тэдний:
- 19% нь бүтэн цагийн контент бүтээгч болохыг хүсдэг
- 25% нь ажлынхаа хажуугаар контент бүтээх сонирхолтой
- Харин зөвхөн ажлаа хийж, контент бүтээхгүй байхыг илүүд үздэг нь 35% бөгөөд энэ нь бүх үеийнхнээс хамгийн бага хувийг эзэлж байна.
Энэ нь Gen Z-ийн хувьд контент бүтээх нь зөвхөн хобби биш, карьерын нэгэн зам болж хувирсныг харуулж байна.
Орлого олох бодит боломж
Судалгаагаар Gen Z-ийн дөрвөн хүн тутмын нэг нь сошиал медиа дээр контент нийтэлснээр бодитоор орлого олж байгаа нь тогтоогджээ. Энэ хандлага цаашид улам нэмэгдэх төлөвтэй бөгөөд контент бүтээх нь зөвхөн өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл бус, санхүүгийн нэмэлт боломж ч болж байна.
Ажил = Контент
Gen Z нарын 52% нь ажил дээрээ шинэ даалгавар авахдаа “энэ ажлыг дуусгасны дараа сошиалд оруулвал гоё контент болно” гэж боддог. Харин нийт АНУ-ын насанд хүрэгчдийн ердөө 30% нь ийм байдлаар ханддаг байна. Энэ нь Gen Z-ийн хувьд “ажил хийх” болон “ажлаа онлайнаар харуулах” нь хоёр тусдаа зүйл биш, нэгэн зэрэг өрнөдөг үйл явц болжээ.
Ямар контент нийтэлдэг вэ?
Gen Z нарын
- 50% нь ажилтай холбоотой видео контент
- 20% нь мөн л ажлынхаа талаар пост бичиж нийтэлдэг
Хамгийн түгээмэл төрөл нь:
- “Day-in-my-life” буюу өдөр тутмын амьдралаа харуулсан бичлэг
- Боловсрол, менторшип, хувийн амжилт, ололттой холбоотой контент
Тэдний хамгийн их ашигладаг платформууд нь: TikTok (72%), Instagram (65%), YouTube (49%).
Байгууллагуудад өгөх дохио
Gen Z ажилтнуудын ажил дээрх идэвх оролцоо, сэтгэл ханамж ахмад үеийнхнээс доогуур байгаа ч, ажилтай холбоотой контент бүтээхийг дэмжсэн байгууллагууд залуу ажилтнуудаа татах, хадгалах боломжтой гэж судалгаанд дурджээ.
Жишээлбэл:
- Poppi, Mejuri зэрэг брэндүүд Gen Z ажилтнуудын бүтээсэн контентыг ашиглан онлайнд нэр хүндээ өсгөсөн байна.
Орчин үеийн ажил олгогчид Gen Z ажилтнаа тодорхой хэмжээнд олон нийтэд “public-facing” буюу байгууллагын нүүр царай гэж тооцох шаардлагатай болж байна. Хэрэв байгууллагууд:
- Ажилтнуудаа өөрсдийгөө сурталчлахыг дэмжих
- Контент бүтээх нөхцөл (тусгай цаг, студи гэх мэт) бүрдүүлж өгвөл энэ нь зөвхөн ажилтнуудад эерэг сэтгэгдэл төрүүлэхээс гадна брэндийн хувьд ч үнэ цэн авчирна.
Шинэ хандлага, шинэ бодлого
Gen Z-ийн хувьд ажил гэдэг ойлголт улам бүр хоёр талтай болж байна — ажлаа гүйцэтгэх болон ажлаа сошиал медиа дээр харуулах. Энэ нь ажил олгогчдын хувьд шинэ бодлого, шинэ хандлага шаардаж, контент бүтээх соёл байгууллагын нэг хэсэг болж эхэлж байгааг харуулж байна.